“Уул уурхай ба орон нутгийн гэрээ” сэдэвт сургалт зохион байгуулж байна
Нээлттэй Нийгэм Форум (ННФ), Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй (ББЗХ) хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Уул уурхай ба орон нутгийн гэрээ” сэдэвт сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нийт 14 сумын нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага, уул уурхайн компаниудын төлөөлөл оролцож байна.
Эрдэс баялгийн салбараас орон нутагт үлдэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчин, нийгмийн сөрөг нөлөөлөөс сэргийлэх, бууруулах гол хөшүүрэг бол гэрээ юм. Уул уурхайн салбар болон нутгийн иргэд хоорондын асуудлыг зохицуулах Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэлэлцээ, агуулга, хэрэгжилтийг хангах, үнэлэх асуудлаар оролцогч талуудын ойлголт, чадавхийг нэмэгдүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж буй юм.
Сургалтын эхний өдөр оролцогчдыг багаар ажиллуулан орон нутагт гэрээ байгуулах үйл явцыг төлөвлөх, хэлэлцээ хийх, гэрээний нөхцөл агуулгыг тодорхойлох дадлага хичээл орсон юм. Энэ үеэр оролцогчид уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд орон нутагтай гэрээ байгуулах үүргийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, ийнхүү гэрээ байгуулахад эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай байгааг онцолж байлаа. Төслийн онцлог, ордын нөхцөл байдал, хэмжээнээс хамаарч гэрээг аймаг, сумдын түвшинд байгуулах, иргэдийн оролцоог хэрхэн хангах асуудлыг нарийвчлан зохицуулах шаардлага байгааг ч хэлж байсан юм. Сумын нутаг дэвсгэрт олборлолт эхэлсэн өдрөөс иргэдийн амьдралд шууд нөлөөлж эхэлдэг учир гэрээг аль болох сумын түвшинд байгуулж, иргэд, малчидтай харилцан ойлголцож, эрдэс баялгийн салбарын орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь чухал байгааг хэлж байсан юм.
Сургалтыг ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, ББЗХ-ийн мэргэжилтэн Т.Номуунтөгс, Тохокүгийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав нар удирдан явуулж байна. Энэхүү сургалтыг өмнө нь Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад бүсийн аймгуудыг хамруулан амжилттай зохион байгуулсан юм.